Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа
        - Монгол-Австрийн харилцааны тойм
        - Монгол-Австрийн хооронд хийгдсэн өндөр,              дээд хэмжээний айлчлалууд
        - Монгол-Австрийн парламентын бүлэг
        - Монгол, Австрийн хооронд байгуулсан гэрээ,           хэлцээр
        - Хоёр талын худалдаа, эдийн засаг
        - Хавсран суугаа орнууд
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
    Монгол-Австрийн харилцааны тойм

Харилцааны эрх зүйн үндэс

  • Засгийн газар хоорондын гадаад эдийн засгийн харилцааны тухай хэлэлцээр /1992/
  • Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр /2001/
  • Давхар татвар ногдуулахаас зайлсхийх тухай хэлэлцээр /2003/
  • Монгол Улс, Австри Улсын Засгийн газар хооронд их, дээд сургуулийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр /2006/
  • Агаарын харилцааны тухай хэлэлцээр /2007/

Улс төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Харилцааны 45 жилийн ойг 2008 онд тэмдэглэв.

Австри Улс нь Монгол Улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёрдахь улс болно.

1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйлсээс өмнө хоёр орны улс төрийн харилцаа хязгаарлагдмал байв. Харин худалдааны сайн харилцаа явагдаж байв.

1990 оноос Монгол-Австрийн харилцаа Монгол Улс, Европын Холбооны гишүүн орнуудын харилцааны хүрээнд өргөжин хөгжиж байна. Хоёр талын улс төрийн харилцааг өндөр дээд түвшний улс төрчдийн харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ тодорхойлж байна. Тухайлбал 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Монгол Улсын төрийн тэргүүн нараас анх удаа Австрид албан ёсоор айлчилсан.

Др.Хайнц Фишер Австрийн Үндэсний Зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Австрийн парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн 2002 онд Монгол Улсад айлчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Бага хурлын дарга /1991/, Австрийн Үндэсний Зөвлөлийн дэд ерөнхийлөгч /1992/, Монгол Улсын Их Хурлын дарга /1995, 2005/, Австрийн гадаад хэргийн сайд /1982/, Монголын гадаад хэргийн сайд /1992/ нар тус тус харилцан айлчилж байв.

Эдийн засаг

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг 1992 оны хэлэлцээрээр тохиролцон байгуулсан Засгийн газар хоорондын хамтарсан комисс зохицуулан ажиллаж буй.

Хоёр тал хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааны төсөл төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн эдийн засгийн танхимын хооронд хамтын ажиллагааны хэлхээ холбоо явагдаж, зохих баримт бичгүүд байгуулсан.

Австрийн Контроль банк Австрийн бизнесийн төлөөлөгчдөөс Монголд гаргах тодорхой хэмжээний экспорт, хөрөнгөд баталгаа гаргах /500 000 хүртэл евро/ шийдвэр бий.

Хоёр улсын хооронд хөгжлийн хамтын ажиллагааны зохих хэлбэрийг тогтоож хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ явагдаж буй.

Соёл, боловсрол, шинжлэх ухаан

Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа Монгол-Австрийн нийт харилцаанд чухал байр суурьтай.

Өнөө 30 шахам мянган монгол хүн герман хэлээр ярьдаг. Тиймээс ч Австри нь соёл, боловсролын хувьд монголчуудын сонирхлыг ихээхэн татаж буй. Олон монголчууд Австрид сурахыг хүсдэг. Одоогоор Австрийн янз бүрийн хотод нийтдээ 100 гаруй монгол залуучууд их, дээд сургуулиудад суралцаж байна.

Монголын залуу эрдэмтэд, эмч нар Австрид мэргэжил дээшлүүлэх нь нэмэгдэж байна.

Монголын талаас МУИС, ШУТИС, ЭМШУС болон ШУА зэрэг нэр хүнд бүхий их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага Австрийн Зальцбүргийн Евро-Азийн их, дээд сургуулийн сүлжээнд элсэн орж хамтран ажиллаж эхэлсэн нь чухал ач холбогдолтой байна.

Монгол-Австрийн соёлын харилцаад 2006 онд Вена хотын ойролцоох Шаллабүрг шилтгээнд “Чингис хаан, түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн явдал онцгой чухал үйл явдал болсон. Өмнө нь Германы Бонн, Мюнхен хотуудад гаргасан энэхүү үзэсгэлэн нь Австри Улс Европын Холбоог даргалсан 2006 оны нэгэн чухал арга хэмжээ, Монгол-Австрийн харилцааны том үйл явдал болж, австрийн олон нийтийн сонирхлыг татсан болно.

Соёлын харилцааны бусад арга хэмжээнүүд : 2004 – Австрийн соёлын өдрүүд, Венийн вальсын наадам Улаанбаатарт зохиогдож, хоёр тал хамтран В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг Улаанбаатарын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайдан дээр найруулан тавьсан нь соёлын хамтын ажиллагааны өвөрмөц арга хэмжээ болсон.

2006 – Монголын соёлын өдрүүдийг Австрид зохион байгуулж, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал хийж, Монгол Улсын үндэсний морин хуурын алдарт чуулга Вена хотын хөгжмийн холбооны танхимд зочлон тоглосон нь олон нийтийн анхаарлыг татсан.

Сүүлийн жилүүдэд хоёр орны иргэдийн хоорондын хэлхээ холбоо нэмэгдэж байна. Монголд зочилж буй австрийн жуулчдын тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдэв. Түүнчлэн монголчууд ч Европын төв дэх Альпийн энэ үзэсгэлэнт оронд ирж танилцах нь нэмэгдэж байна.


   :: Товч холбоос
   - Бүртгэл
   - Харъяатын асуудал
   - Паспорт
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.