Австри улс нь хог боловсруулах, хог хаягдлыг нийтийн орон сууцны халаалтад ашиглах технологиороо дэлхийд тэргүүлдэг орны нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэхүү салбар дахь Австрийн туршлагаас суралцан Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр барих тал дээр хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор асуудлыг ЭСЯ-ныхан Вена хотын хог боловсруулах Шпиттелау үйлдвэрт очиж үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус үйлдвэр нь дараах онцлогтой юм байна. Үүнд:
- Шпиттелау үйлдвэр цагт 18 тонн хог (850-аас дээш градуст) шатааж, жилд 250 мянган тонн хог боловсруулдаг ажээ. Тус үйлдвэрт нэг өдөрт ачааны 160-200 машин хог буулгадаг. Нэг ачааны машин 4-5 тонн хог ачих хүчин чадалтай байдаг ажээ.
- Хогийг ангилан шатааж эхлээд үнс нурам, дараа нь үнс, дараа нь үнсэнцэр буюу фильтрээр нарийн шүүсэн торгон үнс болгон хувиргадаг ажээ. Хог шатаасны дараа үнс нурамд нь байгаа металлыг соронзон фильтрээр ялгаж авдаг байна. Хоёр удаа шатаасны эцэст хогноос 10 орчим хувь нь үнсэнцэр хэлбэрээр үлдэх бөгөөд түүнийг тусгай газарт хадгалж байдаг ажээ.
- Хог шатааж боловсруулахаас гадна хогийг орон сууцны дулаан үйлдвэрлэх түүхий эдийн хувьд ашиглан, 460 мегаваттын дулаан үйлдвэрлэж, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн үйлдвэрийн хамт хотын дүүргүүдийг дулаанаар хангадаг юм байна. Энэхүү үйл явц дараах үе шаттай хэрэгжиж байдаг ажээ. Үүнд: хог шатаана – энэ нь угаарын халуун хий гаргана – угаарын хий нь зуухны гадаргыг халаана – зуух нь цагт 90 тонн уур гаргана – уур нь цахилгаан гаргадаг үүсгэгч-генераторыг ажиллуулна (ингэснээр тус үйлдвэр эрчим хүчний хэрэгцээгээ өөрөө бүрэн хангадаг) - уурыг халуун ус болгон хувиргана. Энэ халуун ус нь хотын дүүргийн халаалтын 1100 км хоолойны сүлжээгээр дамжин 262 мянган өрх, 5300 аж ахуйд паарын халаалт, халуун усны хэлбэрээр очдог ажээ.
- Вена хотын дүүргийн халаалтын 75 хувийг ийнхүү үйлдвэрлэдэг тул тус хот байгалийн хий зэрэг эрчим хүчний голлох эх үүсвэрээс хараат байдлаа нэлээд хэмжээгээр багасгаж чаджээ.
- Хог шатаахад гарах угаарын хийг цахилгаан статик фильтрээр шүүж цэвэрлэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг 11 хувиар багасгаж чадсан байна.


<<БУЦАХ
|