НҮБ-ын Вена дахь салбарын Эмэгтэйчүүдийн холбооны (UN Women’s Guild) хүрээнд Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ/Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа БТГ энэ сарын 11-нд тус холбооны гишүүн Монголын иргэн Б.Батгэрэл (Элчин сайдын гэргий), Л.Хажидсүрэн нартай хамтран Монгол орныг сурталчлах арга хэмжээ зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр ЭСЯ-ны төлөөлөгч үг хэлсний сацуу Монгол орны тухай баримтат кино үзүүлж, зочдыг монгол хоол, нарийн боовоор дайлав. Мөн Вена хотод аж төрж байгаа Д.Энхбаярын гэр бүлийнхэн болон морин хуурч урилгаар оролцож, уран нугарч, аягатай бүжиг хийж, монгол үндэсний хувцасны загвар үзүүлэн, морин хуур тоглож сонирхуулав. Сайхан үзүүлбэр үзүүлж, оролцогчдын сонирхлыг татсанд тэдэнд ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэхүү арга хэмжээ их өндөр сэтгэгдэл төрүүлсэн тухай тэнд байсан хүмүүс ярьж байлаа.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбоо НҮБ-д буюу тус байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газруудад ажиллагсад болон тэдний гэр бүлийнхэн элсэх боломжтой байдаг. Тус холбоо төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, хөгжиж байгаа орнуудын хүүхдүүдэд зориулж хандив хуримтлуулдаг юм. Хуримтлуулсан мөнгөө төсөл шалгаруулж хандивладаг. Энэ жил Улаанбаатар хотын эмзэг давхаргынханд зориулсан хүүхдийн гэр-цэцэрлэгийг засварлаж өргөтгөхөд чиглэсэн Монгол Улсын иргэн Л.Хажидсүрэнгийн санаачилсан төсөл шалгарч, 10150 ам.долларын хандив хүртэв.

Нээлтийн ажиллагаа

Морин хуурын тоглолт

Аягатай бүжиг

Оролцогчид

Үндэсний хувцасны үзүүлвэр

Оролцогчид
<<БУЦАХ
|