Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан Комиссын ээлжит IV хуралдаан 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Вена хотноо амжилттай явагдаж өндөрлөв.

Хамтарсан комиссын хуралдааны үеэр хоёр тал Монгол, Австрийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааны зарим бусад асуудлаар ярилцан, үйлдвэрлэл, санхүү, аялал жуулчлал, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож хуралдааны Протоколд гарын үсэг зурав.
Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал бодитой, хэрэгжих боломжтой тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллав. Энэ бодлогын хүрээнд хоёр тал хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарт дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр барих, Монгол Улсын хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулах төслүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсон болно.
Мөн хуралдаанд оролцох үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол-Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунай БНАУ-ын Хөдөө,аж ахуй, ойн аж ахуй, байгаль орчин, усны менежментийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Райнхард Манг, Австрийн Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Рихард Шенц нартай тус тус уулзаж ярилцав.
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, АВСТРИЙН
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН
МОНГОЛЫН ХЭСЭГ
<<БУЦАХ
|