Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаад хөрөнгө оруулалтын газар, Италийн Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад худалдааны хүрээлэнтэй хамтран Монголын эдийн засгийн байдлыг илүү сайн танин мэдэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх зорилгоор бизнес уулзалтыг энэ сарын 14-нд Милан хотноо зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөгчид оролцож Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар Италийн бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийхэнд мэдээлэл өгсөн байна. Уг арга хэмжээ нь хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд хурлын үеэр хоёр талын бизнес уулзалтууд зохиогдсон байна.
Тус арга хэмжээнд италийн талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Кракси, Милан хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Палмери, Гадаад худалдааны хүрээлэнгийн удирдах хүмүүс үг хэлж оролцсон байна. С.Кракси хэлсэн үгэндээ Итали улс Монгол улсыг Ази дахь чухал түнш орон болгон ажиллах бодолтой байгааг цохон тэмдэглэв. Форумд Монгол, Италийн 100 гаруй албаны болон бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөгчид оролцсон байна.
<<БУЦАХ
|