Өнгөрсөн долоо хоногт Монгол улс дэлхий хамгийн том бүс нутгийн байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д гишүүнээр элсэх болзлыг хангалаа гэсэн мэдээ гарсан байсан. “Европын” гэсэн тодотголтой энэ байгууллага нь ямар зорилгоор, хэдийд байгуулагдаж ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Аливаа олон улсын байгууллага нь цаг хугацааны өөрчлөлтөд бий болж буй шинэ нөхцөл байдал, бэрхшээл, сорилтуудыг даван туулах, чингэхдээ өөрийн үйл ажиллагаа, бүтцийг уялдуулж чаддаг байх нь хамгийн чухал байдаг. ЕАБХАБ-ын хувьд шинээр үүсч буй аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахад зохион байгуулалтаа зохицуулж чадаж байгаа байгууллага гэж хэлж болно.
Тус байгууллагын түүхээс дурдахад 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг баталж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлыг бий болгосноор байгууллагын эх анх тавигдсан. Энэхүү механизм нь хүйтэн дайны үед социалист, капиталист ертөнц хооронд улс төрийн яриа хэлэлцээ явуулах чухал олон талт суваг, хэрэгсэл болж байв. Хүйтэн дайны дараа үзэл суртлаар хуваагдаагүй чөлөөт Европын аюулгүй байдал, ардчилал, чөлөөт эдийн засгийн үнэт зүйлсийг дэлгэрүүлэх нь тус байгууллагын үйл ажиллагааны нэг чухал чиглэл болсон. Мөн сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн хөгжлөөс үүдэн аюулгүй байдалд учирч буй асуудлыг шийдвэрлэх, мэдээллийн технологийн аюулгүй байдалд ч анхаарч байгаа.
Бусад байгууллагаас ЕАБХАБ-ын ялгарах гол онцлог нь аюулгүй байдлын асуудлыг цогцоор нь буюу харилцан уялдаа холбоотой 3 хэмжээсээр авч үздэг. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт, цэрэг-улс төр, хоёрдугаарт, эдийн засаг, байгаль орчин, гуравдугаарт, хүний аюулгүй байдлын өнцгөөс аюулгүй байдлын асуудлыг хардаг. Тухайлбал, цэрэг-улс төрийн хүрээнд хилийн менежментийг сайжруулах, ил тод батлан хамгаалах салбарыг дэмжих, цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарч, харилцан мэдээлэл солилцон хамтран ажилладаг. Хилийн менежментийн хүрээнд гишүүн орнууд хилийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хууль бус наймаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох зэргээр ажилладаг. Хүний аюулгүй байдлын хүрээнд хүний наймаатай тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт сонгуулийг дэмжихэд үйл ажиллагаа нь чиглэгдэгдэг. Гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл явцыг хянах, дүгнэлт гаргах, сэтгүүлчид, иргэний нийгмийн оролцоо, эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авдаг.
Өөрөөр хэлбэл гишүүн орнуудын эрх ашиг хөндөгдсөн, аюулгүй байдалтай нь холбоотой асуудал үүсэхэд түүнийг хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх боломжийг тус байгууллагын механизмууд олгодог.
ЕАБХАБ-ын хариуцсан чиглэлээрх үйл ажиллагааг дэмжих зорилгоор ЕНБДНГ, Ардчилсан байгууллага, хүний эрхийг дэмжих байгууллага, Үндэсний цөөнхийн асуудал хариуцсан Дээд төлөөлөгч, Парламентын Ассамблей мөн үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн орны хүсэлтэд тулгуурлан тус байгууллагын Төлөөлөгчийн газар Өмнөд болон Зүүн Европ, Зүүн Европ, Төв Ази, Өмнөд Кавказын 17 оронд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр Төлөөлөгчийн газрууд нь суугаа орныхоо шаардлага, хүсэлтэд тулгуурлан ажилладаг.
“Европын” гэх тодотголтой ч энэхүү байгууллага Европ, Хойд Америк, Ази тивийн 56 орон, нэг тэрбум гаруй хүнтэй газар нутгийг хамардаг. Манай хойд хөрш ОХУ, гуравдагч хөрш АНУ, ЕХ, Канад болон Төв Азийн орнууд ЕАБХАБ-ын гишүүн. Товчхон хэлэхэд Ванкуверээс Владивосток хүртэлх өргөн газар нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах олон талт чухал механизм гэж ойлгож болох юм.
Монгол улс энэ байгууллагын гишүүн орон болсноор манайд ямар ашигтай байх вэ?
Монгол Улс хоёр том хөршийн дунд, геополитикийн чухал орон зайд оршдог. Бидний газарзүйн байрлал нь нэг талаас аюулгүй байдал, түүний дотор нэг орноос хэт хамааралтай болох хүндрэл, бэрхшээлийг бий болгодог. Энэ ч утгаараа бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, мөн Өрнө, Дорнын өндөр хөгжилтэй орнуудын ашиг сонирхлыг бий болгохыг зорьж байгаа. Дэлхийн улс орнууд, тэдгээрийн улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудын харилцан хамаарал улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед олон улсын тавцанд идэвхтэй гадаад бодлого явуулах нь аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлөө баталгаажуулах чухал үндэс болдог. Энэ жил шинэчлэгдэн батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогын тухай тусгайлан тусгасан байгаа.
Гуравдагч хөршийн тухай манай бодлогод ЕАБХАБ-ын гишүүнээр элсэх нь бүрэн нийцнэ. Тус байгууллагын гишүүн болсноор Европын Холбоо, АНУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа харилцан адил байх үндсэн дээр хөгжүүлэх бас нэгэн суваг нээгдэнэ. Өөрөөр хэлбэл Европын орнуудын аюулгүй байдлын асуудлаарх анхаарал, Монгол Улс дахь сонирхол нь хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Дээрээс нь ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийг бэхжүүлэх, тэдгээрийн туршлагаас суралцах, өөрсдийн туршлагаасаа хуваалцах боломж нэмэгдэнэ.
Монгол Улс, Европын Холбооны харилцаа идэвхжихийн хэрээр ЕХ-ны гишүүн орнууд Монгол Улсыг сонирхох нь нэмэгдэж байна. Үүнд нэг талаасаа эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байгаа боловч нөгөө талаас Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутагт тогтвортой, ардчилсан Монгол Улсыг бэхжүүлэх улс төрийн сонирхол байгаатай холбоотой. Аль аль талын хүсэл зориг огтолцож байна гэж ойлгож болно.
Европын Холбооны стандарт, хэм хэмжээг өөрийн улс оронд нэвтрүүлэх зорилтын хүрээнд ардчилсан институциудыг дэмжих, хил хамгаалах менежментийг сайжруулах, цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд Европын хэм хэмжээг нэвтрүүлэх улам аятай боломж ЕАБХАБ-ын гишүүн болсноор бий болно.
Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсноор тус байгууллагын гишүүн орны хил Хятадтай шууд залгах болж байгаа юм. Чингэснээр Монгол Улс Европ, Азийг холбосон гүүр болох эхлэл тавигдана. Эдийн засгийн хувьд ч Европ, Азийг холбосон хамгийн дөт зам манай улсаар дамждагийн хувьд транзит тээврийн салбарт ЕАБХАБ, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах боломж нэмэгдэнэ.
Өнөөдөр Монгол Улсын ардчилал, чөлөөт эдийн засгийн үнэт зүйлсийг өөрийн орондоо хөгжүүлэх, бэхжүүлэх хүсэл эрмэлзэл ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Монгол Улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхол нийлж байна гэж ерөнхийдөө үзэж болох юм. Тус байгууллагад гишүүнээр элссэнээр бидэнд алдах зүйл байхгүй. Харин ч нийгэм, эдийн засгийн хөгжлөө хурдасгах, дэлхийн нийтлэг үнэт зүйлс, стандартыг нутагшуулах, аюулгүй байдлаа баталгаажуулах нэмэлт хөшүүрэгтэй болно.
Манай улсын хүсэлтийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд яаж хүлээж авсан бэ? асуудлыг хэлэлцэхэд Европын орнууд ямар байр суурьтай байсан бэ?
Монгол Улсын хувьд ЕАХБАБ-ын хамтын ажиллагааны түнш буюу ажиглагч орны статустай. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа. Зохих судалгаа, үндэслэлээ боловсруулж, нэлээдгүй судалсны эцэст тус байгууллагын гишүүн болох асуудлыг тавих нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг шийдвэрт үндэслэн ГХ-ны сайдаас гишүүнээр элсэх хүсэлт, үндэслэл, манай талаас хүлээх үүрэг зэргийг тусгасан захидлыг 2011 оны 10 дугаар сарын 28-нд албан ёсоор тус байгууллагын даргад гардуулсан. ЕАБХАБ-ын дэргэд суугаа Элчин сайдын хувиар Вена дахь гишүүн орнуудын Элчин сайд нартай ч энэ талаар нэг бүрчлэн уулзаж ярилцсан.
Асуудлыг анх тавихад зарим гишүүн орон хоёр асуултыг тавьж байсан. Нэгдүгээрт, Монгол Улс гишүүнээр элсэх нь ЕАБХАБ-д ямар ашигтай байх вэ, хоёрдугаарт, Монголын араас өөр улс гишүүн болох үүд хаалга нээгдэж, байгууллагын үндсэн чиглэл, дүр төрх өөрчлөгдөх юм биш үү. Эдгээр асуултыг тавих нь зүйн хэрэг.
Монгол Улс гишүүнээр элссэнээр бидний хувьд олох ашиг нь эргээд тус байгууллагыг бэхжүүлэхэд үзүүлэх манай хувь нэмэр болохыг аажимдаа гишүүн орнууд ойлгосон. Мэдээж аливаа шийдэлд хүрэхэд тодорхой цаг хугацаа, аль аль талаас хичээл зүтгэл шаардагддаг. Хүсэлт албан ёсоор тавьсны дараа хойш гишүүн орнууд манай асуудлаар хэд хэдэн удаа ярилцсан, манай талаас ч бодлого, зорилгоо танилцуулж ажилласан. Асуудлыг урагшлуулахад зөвхөн Вена төдийгүй ЕАБХАБ-ын гишүүн орнуудад суугаа манай ЭСЯ-дын үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн. Манай асуудлыг эхнээс нь тууштай дэмжиж байгаа орнууд бий. Тухайлбал, Португали, Канад, Турк, Казахстан, Польшийг нэрлэж болж байна.
2011 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо болж өнгөрсөн ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хурлын үеэр АНУ, ЕХ болон түүний зарим гишүүн орон, тус байгууллага дахь “санаа нэгтний бүлэг” хэмээн нэрлэгддэг Канад, Люксембург, Норвеги зэрэг улс, Турк, Казахстан, Киргизстан зэрэг Төв Азийн орон Монгол Улсын саналыг эерэгээр хүлээн авч, тус байгууллагын 57 дахь гишүүн улсаар бүртгэж эгнээгээ тэлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан нь манай асуудлыг зарчмын хувьд эсрэгээр шийдэхэд дөхөм үзүүлсэн.
Манай асуудлыг хэлэлцэхэд ямар асуудал гарч байсан бэ?
ЕАБХАБ-д оролцогч орноор нэгдэх манай улсын хүсэлтийг тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын бага хурлаар хэлэлцэж, гишүүн орнууд зарчмын хувьд нааштай хүлээн авч буйгаа мэдэгдсэн. Монгол Улс гишүүнээр элсэх асуудлыг аль болох эрт шийдэх бүрэн эрхийг тус байгууллагыг энэ онд даргалж буй Ирланд Улсад олгох шийдвэр гарсан.
Вильнюсын Сайд нарын хурлаар манай асуудлыг хэлэлцэх явцад Монгол Улсын асуудлыг дэмжихгүй гэж хориг тавьсан улс гараагүй. Зарим нэг улс татгалзах зүйлгүй ч цаг хугацааны хувьд арай эрт байгаа тул асуудлыг ирэх жил Дублин хотноо болох Сайд нарын бага хурлын үеэр шийдэх нь зүйтэй гэж байсан. Ази тивээс гишүүн улс болоод эхэлбэл ЕАБХАБ-ын үйл ажиллагааны газар зүйн цар хүрээ, агуулга, мөн чанар нь алдагдаж “Европын” гэсэн тодотголтой хамрах хүрээнээс хэт халих болно гэсэн болгоомжлол байсан.
Хэдийгээр манай хүсэлтийг эсэргүүцэх улс байгаагүй боловч байгууллагыг зохион байгуулалтын дахин нэг эргэж харах, гишүүд хоорондоо зөвлөлдөхийн тулд энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсыг ЕАБХАБ-ын гишүүнээр элсүүлэх албан ёсны шийдвэр гараагүй гэж ойлгож болно.
Манай улс энэ байгууллагад хэдийд яаж элсэх вэ? Элсээд ямар чиглэлээр ажиллах боломжтой болох вэ?
Зарчмын хувьд бүх гишүүд нь нааштай хүлээн авч, асуудлыг аль болох эрт шийдэх бүрэн эрхийг Ирланд улсад олгосон тухай би дээр дурдсан. Нэгэнт зарчмын хувьд дэмжиж байгаа бол манай улсын асуудал энэ жилийн эхний хагас гэхэд шийдэгдчих болов уу гэж бид бодож байна.
Хэрэв ЕАБХАБ-ын зүгээс шинжээчдийн багийг манай улсад илгээж, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцах шаардлагатай гэж үзвэл бид тэрхүү багийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ тухайгаа байгууллагын удирдлага болон гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзахдаа ч илэрхийлж байгаа.
Цаашид манай улс ЕАБХАБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван зарчим болох цэрэг-улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэх бодолтой байгаа. Тус байгууллагад нэгдэн орсноор байгууллагын үйл ажиллагаанд өөрийн бололцоогоо дайчлан идэвхтэй оролцож, өөрийн гэсэн дуу хоолой, байр сууриа илэрхийлж, аюулгүй байдлаа дээр дурдсан гурван чиглэлээр баталгаажуулж, Евроазийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болно.
Өдрийн сонины 2012.01.09 өдрийн №006-ын 25 дугаар нүүрт нийтлэгдсэн ярилцлагa

<<БУЦАХ
|