Embassy of Mongolia     Нүүр хуудас | Сайтын бүтэц | Холбоо барих | English | Deutsch
   :: Элчин сайдын яамны тухай >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   :: Элчин сайдын яамны МЭДЭЭ
   :: Монгол Улсын гадаад бодлого >>
   :: Австри Улсын тухай >>
   :: Хоёр талын харилцаа >>
   :: Олон талт хамтын ажиллагаа >>
   :: Консулын үйлчилгээ >>
   :: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба: Аав минь байсан бол намайг хараад баярласандаа уйлах байсан байх даа
2009 оны 09-р сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар, 2009 оны 9 дүгээр сарын 18-нд Италийн Милан хотноо болсон Боксын ДАШТ-нд амжилттай оролцон эх орондоо алт, мөнгө, хүрэл медаль авчирсан тамирчдад шагнал гардууллаа.

Эхлээд Монгол Улсын боксын гурван удаагийн аварга, 2007 оны Ази тивийн аварга, 2008 оны Олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа Дэлхийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг эх орондоо авчирсан олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавъяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагналаа.

Дараа нь Италийн Милан хотноо болсон 2009 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, бага залуу насандаа спортын гайхамшигтай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын 2009 оны боксын аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Нямбаярын Төгсцогтод Монгол Улсын гавъяат тамирчин цол, мөн Монгол Улсын боксын аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн аварга, 2008 оны Дэлхийн боксын цомын аваргын мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шинэхэн Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбад амжилтаа улам илүү бататгахыг, Шинэхэн гавъяат Н.Төгсцогтод улам сайн хичээхийг, харин шинэхэн одонгоор шагнагдсан У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын орон зай хүлээж буйг нь сануулж амжилт хүслээ.

Харин үүний дараа бид Төрийн цол тэмдгээр шагнуулсан тамирчдынхаа сэтгэгдлийг сонссон юм.

"-Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба: Аав минь байсан бол намайг хараад баярласандаа уйлах байсан байх даа"
-Таны олон олон ялалтуудыг юу хурцалж байдаг вэ?

-Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, цаашдын тив дэлхийн олон тэмцээнд амжилт дүүрэн оролцох хүсэл зорилго маань урам зориг өгдөг.

-Дэлхийн аваргын болзол хангах үед хамгийн түрүүнд танд юу бодогдож байв?
-Хамгийн түрүүнд аав минь байсан бол миний энэ амжилтыг хараад баярлаад уйлах байсан байх даа гэж бодсон.

-Дараагийн амжилт гаргана хэмээн зорилт тавьж байгаа тэмцээн нь юу вэ?
-Энэ оны арванхоёрдугаар сард дэлхийн боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн болно. Жил болгон зохиогддог өндөр зэрэглэлийн тэмцээн байгаа. Үүнд оролцох бэлтгэл, сургуулилтаа эхэлнэ.

-Баярлалаа. Амжилт хүсье.

"-МУГТ Н.Төгсцогт: Алт авна даа гэж бодож байсан"
-Ийм бага насандаа өндөр амжилт гаргалаа. Юу бодогдож байна?

-Дараа дараагийн тэмцээнд амжилттай оролцож ард түмнээ баярлуулна гэж бодож байна.

-Мөнгөн медалийн болзол хангах үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Алт л авах юмсан гэж бодож байсан.

-Монгол Улсын гавъяат тамирчин гэдэг цол, тэмдгийг юу гэж ойлгож хүлээж авч байна вэ?
-Энэ бол маш том шагнал. Нэр хүндийг нь өргөхийн тулд цаашдаа сайн хичээж, бэлтгэлээ сайн хийх болно.

-Амжилт хүсье.

"-МУГТ У.Мөнх-Эрдэнэ: Ширүүн тулааны үед оноо дарах зүйл байдаг"
-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Цаашид илүү сайн хичээх болно л гэж бодогдож байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн чинь оноог дарлаа гэж спорт сонирхогчид үзэж байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Спортод иймэрхүү зүйл байдаг. Ойролцоо ширүүн тулааны үед оноо дарах явдал бий. Үүнд нэг их юм бодохгүй байгаа.

-Баярлалаа. Амжилт хүсье.

<<БУЦАХ

 
   :: Товч холбоос
   - Төрсний бүртгэл
   - Гэрлэлт бүртгэх,
     цуцлах
   - Паспорт
   - Буцах үнэмлэх
   - Нотариат
   - Үйлчилгээний
     хураамж
   - Өргөмжит консул
   - Иргэний бүртгэл
   :: Холбоос
UNCITRAL
Зохиогчийн эрхийн хуулийн дагуу Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ эзэмшинэ. © 2008-2009.