Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар зөвлөлдөх бага хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Литва Улсын Вильнюс хотноо амжилттай болж өндөрлөв. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Бага хуралд ЕАБХАБ-ын оролцогч (гишүүн) 56 бүрэн оролцож, үндэсний хүний эрхийн тогтолцооны асуудал, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалттай холбогдолтой зарим асуудал, Афганистаны асуудлаарх ЕАБХАБ-ын оролцоог бэхжүүлэх, терроризмтой тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог дэмжих зэрэг төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн тогтоол шийдвэр гаргав. Эдгээр шийдвэрийн нэг нь Монгол улсын холбогдолтой шийдвэр байв. Бага хурлаар тус байгууллагын Азийн түнш (ажиглагч) орон Монгол Улс хамтын ажиллагааныхаа түвшинг ахиулах тухай хүсэлт гаргасныг хэлэлцээд уг хүсэлтийг зарчмын хувьд нааштай хүлээн авч байгаагаа мэдэгдэж, асуудлыг аль болохоор эрт шийдэх бүрэн эрхийг тус байгууллагыгирэх жилийн даргалагч орон болох Ирландад олгож байгаагаа хурлын дарга мэдэгдсэн байна.
Монгол Улсын энэхүү хүсэлтийг тус байгууллагын оролцогч орон (гишүүн) болох Литва, Европын Холбоо, Канад, Люксембург, Норвеги, Казахстан, Турк, Финланд, Португал, Киргизстан, Кипр, Итали, Болгар, Австри, Бельги, Мальта зэрэг улс дэмжиж байгаагаа хурлын үеэр мэдэгдэв.
Мөн зөвлөлдөх бага хурлын хүрээнд ЕАБХАБ-ын Тройка болох өнгөрсөн жилийн даргалагч орон Казахстан, энэ жилийн даргалагч орон болох Литва, ирэх жилийн халааг авах Ирланд улсын төлөөлөл Азийн түнш орнуудтай тусгайлан уулзалт хийж, хийсэн ажлаа тайлагнан хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар санал бодлоо хуваалцав. Тус уулзалтад ЕАБХАБ-ын ЕНБД Л.Занниер болон Парламетын Ассамблейн дэд дарга оролцож үг хэлэв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар уг хуралд оролцож, товч мэдээлэл хийсэн байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ЕАБХАБ-ын ЕНБД дарга Ламберто Занниертай уулзаж, Монгол Улс Евразийн аюулгүй байдлын нэгдмэл орон зайг хамардаг, бүс нутгийн хамгийн том байгууллага болох ЕАБХАБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх гурван чиглэлээр өөрийн боломж, бололцоонд тулгуурлан идэвхтэй хамтран ажиллах бодолтой байгааг илэрхийлж, Монгол Улс Европ тивийг Ази тивтэй холбосон гүүрэн гарц байхыг зорьж байгаа гэжээ.
<<БУЦАХ
|